Ажиллах хүчний хомсдолд ороод буй Япон улс дахь гадаад ажилчдын тоо 2 саяыг давжээ

  • 41
© Image Copyrights Title

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 26-ны өдөр мэдэгдэхдээ, ажил олгогчдын тайлангийн баримт бичигт үндэслэн өнгөрсөн оны 10-р сарын эцсийн байдлаар гадны орнуудаас ирж хөдөлмөр эрхлэгчдийн тоо 2.048.675-д хүрч, өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар өссөн болохыг онцлов. Энэ нь 2008 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгаагийн дээр анх удаа 2 саяыг давсан тухай Asahi Shimbun сонин мэдээлэв.

Улс үндэстнээр нь авч үзвэл Вьетнам 518,000-аар тэргүүлсэн бол Хятад 398,000, Филиппин 227,000, Балба 146,000, Индонези 122,000-аар тус тус удаалсан байна. Салбараар нь авч үзвэл аж үйлдвэрийн салбарт 552,000, үйлчилгээний салбарт 320,000, бөөний болон жижиглэн худалдааны салбарт 264,000, зочид буудал, зоогийн газарт 234,000, барилгын салбарт 145,000 гадаад ажилчид ажилладаг гэх үзүүлэлт гарчээ.

Төрөлтийн түвшин жил ирэх бүр багасаж, хүн амын дундаж наслалт улам нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалж ажиллах хүчний хомсдолд ороод байгаа тус улсын засгийн газар өнгөрсөн онд гадны орнуудаас ирж хөдөлмөр эрхэлж буй хүмүүст урт хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгох боломжтой үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх зэргээр бодлогын шинж чанартай зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсон юм. Tokyo Shimbun сонинд 2013 оноос хойш жил ирэх бүр гадны орнуудаас ирж хөдөлмөр эрхлэгчдийн тоо өсөх хандлагатай байгааг дурдаад цаашид ч энэ хандлага улам нэмэгдэх төлөвтэй байна гэж мэдээлжээ. Үүний зэрэгцээ, энэ оны гуравдугаар сард их сургуулиа төгсөх Японы шинэ ажиллах хүчний 86 хувь нь аль хэдийн ажлын байртай болсон гэх судалгаа гарсан байна.

Тодруулбал Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамтай хамтран өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр нийт 112 их сургуулийн төгсөх курсын 6000 оюутнуудаас түүвэр судалгаа авсан аж. Уг судалгааны үр дүнгээс харахад энэ жил төгсөх курсын оюутнууд ажлын байрны санал хүлээн авсан үзүүлэлт өнгөрсөн оны судалгаатай харьцуулахад 1.6 пунктээр өссөн байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр Японы компаниуд төгсөх курсын оюутнуудыг ажилд сонгон шалгаруулж авдаг аж. Ажлын байрны санал хүлээж авсан түвшинг хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүд 85.0 хувьтай байсан бол эмэгтэйчүүд 87.2 хувь байв. Харин мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл 86.2 хувь нь хүмүүнлэгийн салбарт, 85.4 хувь нь шинжлэх ухааны чиглэлийн ажлын байр байжээ. Эх сурвалж: Yonhap

Prev Post New VR Glasses and Headset System Release
Next Post $310m to help businesses in latest Lockdow
Сэтгэгдэлүүд 1